Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь дараах эрхтэй.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна төрх байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, хүн амын тодорхой бүлэгт харъяалагдах байдлаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах;
2. Өөрийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн, өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан санал солилцох, тайлбар авах;
3. Өөрийн эрүүл мэндийн талаарх нууцаа хамгаалуулах;
4. Эмчээ сонгох, тусламж үйлчилгээний явцад эмчлэгч эмчээ солих санал тавих;
5. Эмчийн зөвлөсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эсэхийг өөрөө шийдэх, нийгэмд аюултай халдварт өвчтэй, сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болсноос бусад тохиолдолд эмчийн санал болгосон аливаа оношлогоо, эмчилгээг хийлгэхээс татгалзах;
6. Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх, өргөдөл, гомдол гаргах;
7. Төрөлжсөн мэргэжлийн болон ижил мэргэжлийн бусад эмчид үзүүлэх талаар эмчлэгч эмчид хүсэлт тавих;
8. Анагаахын болон шинжлэх ухааны судалгаа болон туршилтад оролцохоос татгалзах.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй.
1. Өөрийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх;
2. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд, бусад үйлчлүүлэгчийг хүндэтгэн харилцаж, тухайн эмнэлгийн байгууллагын дотоод журам, дүрмийг дагаж мөрдөх;
3. Өөрийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн мэргэжилтэнд шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;
4. Эмчилгээний заавар, дэглэмийг чанд сахих ба ийнхүү сахиж биелүүлэхэд бэрхшээл учирвал холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлж, учрыг тайлбарлах;
5. Эмчилгээний заавар, дэглэмийг баримтлахаас татгалзсан бол гарч болох сөрөг үр дагавар, хүндрэлийн хариуцлагыг өөрөө хүлээх тухайгаа бичгээр баталгаажуулах;
6. Хууль, дүрмээр зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх.