Элэг бидний идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цөс үйлдвэрлэж, өөх тосыг задалдаг ба цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлж цэвэрлэдэг.
ТҮГЭЭМЭЛ, АСУУЛТ ХАРИУЛТ
Элэг яагаад чухал вэ?
Элгийг юу гэмтээдэг вэ?
- Элэгний вирүсийн халдварууд
- Архи согтууруулах ундааны хэтэрсэн хэрэглээ
- Эм, химийн бодисын замбараагүй хэрэглээ
- Таргалалт, илүүдэл жин
- Дархлалын болон бодисын солилцооны өвчнүүд
Элэгний эмгэгийн үед илрэх шинж тэмдэг ямар байдаг вэ?
- Шалтгаангүйгээр ядарч, сульдах ажлын ачаалал даахгүй байх
- Баруун хавирганы нуман доогуур өвдөх
- Хамар, шүдний буйлнаас цус гарамтгай болох
- Царай харлах
- Хоолны дуршил буурч, турах
- Шээсний өнгө өөрчлөгдөх
Шарлах, шар өвчин нь элэгний вирүстэй холбоотой юу?
Шарлах гэдэг нь нэгэн төрлийн элэгний вирүсээр халдварласанг илэрхийлж байгаа юм. Элэгний олон төрлийн вирүсүүд байдгаас А, Е вирүс нь бохирын буюу ахуйн замаар халдварладаг, ард иргэдийн хэллэгээр бол бохир гарын “шар” өвчин юм. А вирүсийн вакциныг товлолоор, хүүхдийг 1 нас 1 сартайд эхний тун, 2 настайд хоёр дахь тун гэх мэт заавал хамруулдаг. Е вирүсийн хувьд С тэй ижил вакцин байдаггүй.
Элэгний өвчний үед ямар хоол хүнсийг хязгаарладаг вэ?
- Нөөшилсөн, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнүүд
- Хуурч хайрсан, шарсан хоол хүнс
- Халуун ногоо, хурц хоолны амтлагчууд, сонгино сармис
- Давс ихтэй хоол
- Хиам, давсалж утсан мах, түүхий болон хагас боловсруулсан хүнс
- Архи, согтууруулах төрлийн ундаа
- Хэт өтгөн кофе, шоколад, хийжүүлсэн ундаа
Элэгний вирүстай хүн бүрэн эдгэрэх боломжтой юу?
Боломжтой. Цочмог вирүсийн хепатит буюу сүүлийн 6-8 сард халдвар авсан өвчтөнүүд Халдвартын эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Өвдсөнөөсөө хойш 6 сарын дараа маркер өгч вирүс арилсан эсэхийг шалгуулж цаашид жилийн хугацаанд хяналтанд байдаг. Архаг хепатит болсон өвчтнүүдийн хувьд С вирүсийн эсрэг 96-98% ийн өндөр үр дүнтэй эмчилгээ байдаг ба В, Д вирүсийн хавсарсан болон супер халдвартай өвчтөнүүдийн хувьд насан туршдаа хяналтанд байх ёстой.
Элэгний В, С, Д вирүсийн халдвар дамжих замууд
- Цусаар халдварлах буюу арьсны бүрэн бүтэн байдал алдагдах
(бохирдсон зүү тариурыг дахин хэрэглэх, хануур төөнүүр, зүү эмчилгээ, сахлын хутга, шүдний сойз, хумсны хутга, шивээс, чих цоолох, персинг гэх мэт) - В вирүс нь эхээс урагт хүүхэд төрөх явцад халдварлах боломжтой
Бэлгийн замаар элэгний вирүс халдварлах уу?
Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үед элэгний вирүс халдварлах боломжтой.
В вирүсийн вакциныг ямар хүмүүс хийлгэх ёстой вэ?
Лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр танд зөвхөн* В вирүст хепатитын халдвар илрээгүй бол вакцин хийлгэх боломжтой. В вирүсийн эсрэг дархлаажуулалт нь сайн дурынх бөгөөд 1991 оноос эхлэн шинээр төрсөн бүх хүүхдийг тарьж дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан.
*- С вирүсийн халдвартай хүн хэрэв В вирүсийн халдваргүй бол вакцинд хамрагдах боломжтой. Харин Д вирүсийн халдвартай хүнд В вирүсийн вакцин хийдэггүй.
В вирүсийн вакцин ямар хугацаанд үйлчилдэг вэ?
Вакцины нөлөөллийн хугацаа нь 10-15 жил байдаг. Улмаар 14-15 настай, 20-той хүүхдүүд өвдөөд байна гэдэг нь вакцины хамгаалах хугацаа нь дууссантай холбоотой байх магадлалтай тул шинжилгээг өгч дахин дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөе.
С вирүсийн эмчилгээ хийлгэж дууссан хүн цаашид юуг анхаарах вэ?
С вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин байдаггүй учир эмчилгээ хийлгэж вирүсээ бүрэн устгасан ч гэлээ дахин халдвар авах эрсдэлтэй. Хэрэв В вирүсийн халдваргүй бол вакцин хийлгэж, амьдралын эрүүл хэв маягийг сонгож, эрүүл хооллолтыг эрхэмлэж явах хэрэгтэй.
В вирүсийн эм вирүсийг устгах үйлчлэл үзүүлдэг үү?
В вирүсийн эмийн эмчилгээ нь вирүсийг устгадаггүй ба вирүсийн идэвхжлийг дарангуйлж, элэгний эсийн гэмтлийг зогсоож, хатуурал, хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг.
Элэгний өөхжилтийг хэрхэн эмчлэх вэ?
Элэгний өөхжилт нь заавал элэгний вирүстэй хүнд тохиолдох албагүй ба өөрөөр хэлбэл вирүсийн халдваргүй хирнээ элэгний өөхжилттэй байх боломжтой. Өөхжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ бол биеийн жинг хэвийн хэмжээнд барих буюу турах явдал юм.
Элэгний Д вирүс гэж юу вэ?
Хепатитын Д вирүс нь зөвхөн В вирүсийн халдвартай хүмүүст халдварладаг. Хүний биед дангаараа өсөж үржих чадваргүй буюу согогтой вирүс юм. Ѳѳрѳѳр хэлбэл хепатитын Д вирүс нь биед хепатитын В вирүс байхгүй тохиолдолд бие даан үржиж ѳвчин үүсгэхгүй юм. Хепатитын В вирүс ба Д вирүс нэг дор хамт халдварлахыг давхар халдвар, харин хепатит В вирүстэй хүнд дельта вирүс нэмж халдварлавал дараалсан халдвар гэнэ.
Элэгний хатуурлын тухай
Элэгний эрүүл эд гэмтэж сорвижилт нэмэгдсээр элэгний хатуурал үүсдэг. Элэгний хатуурал нэмэгдэх тусам элэгний эрүүл эд багасч элэгний үйл ажиллагаа мууддаг. Улмаар элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, элэгний дутагдалд ордог.
Элэгний хатуурал нь зөвхөн вирүсээс шалтгаалдаггүй. Архи, хорт бодисын нөлөө, цөс зэрэг бусад шалтгаанаас хатуурал үүсэх боломжтой. Хатуурал даамжирвал хавдар болох эрсдэлтэй.
Элэгний хавдрын тухай
Элэгний хорт хавдар нь сүүлийн шат хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөнд ядарч сульдах, гэдэс царайх, нуруу мөр болон хэвлийн баруун дээд талд өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, мэдрэмж өөрчлөгдөх, турах, сульдах, халуурах болон арьс салст, нүдний цагаан шарлах зэрэг зовиурууд илэрнэ.
Элэгний хавдар нь вирүсээс гадна чихрийн шижин, таргалалт, архины хэрэглээ, эм, химийн бодисын зохисгүй хэрэглээнээс үүсэх боломжтой. Элэгний хавдар нь 25-30 жилийн дараа үүсдэг.