Элэгний төв нь Монгол Улс дахь элэгний эмгэг өвчинтэй тэмцэх, хепатитын вирүсийг эрт илрүүлэн эмчилж, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийг бүрэн устгах зорилго бүхий судалгаа, эрдэм шинжилгээ, оношилгоо эмчилгээний, ашгийн бус, нийгэм олон нийтэд чиглэсэн, анагаах ухааны эрдэм шинжилгээний цогцолбор төв юм.
Хэтийн зорилго:
Элэг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, вирүст хепатитын эмчилгээ, сэргийлэлтэд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэн, С вирүст хепатитыг устгах ажилд хошуучлан оролцоно.
Манай эрдэмтэн судлаачид элэг судлалын чиглэлийн олон улсын хурал чуулганд тогтмол оролцож судалгааны ажлын үр дүнгээ дэлхий нийтийн сонорт хүргэсээр байна. Өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй удаа олон улсын хурал чуулганд оролцож 70 орчим ханын болон аман илтгэл хэлэлцүүлж Монгол дахь вирүст хепатитын гамшгийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж, шинэ технологи эмчилгээг цаг алдалгүй нутагшуулан эхлүүлэхийг эрмэлзэн ажилладаг.