Ройтерс сэтгүүлийн эрүүл мэндийн буланд “улаан мах” их идэх нь элэгний өөхжилт үүсэх эрсдэлд хүргэж байгаа тухай судалгааны мэдээлэл тавигджээ.
Амьтны гаралтай уураг ихээхэн иддэг хүмүүсийн элгэнд өөх тос ихээр хуримтлагдаж улмаар архины бус шалтгаант элэгний өөхжилт өвчин (NAFLD-Non alcoholic fatty liver disease-АБЭӨӨ) үүсэх нь уургийнхаа хэрэгцээг ургамалаас авдаг хүмүүсээс илүүтэй тохиолдож байна гэж Нидерланд улсад хийгдсэн судалгааны үр дүн харуулжээ.
Судалгаанд 70 аас дээш насны нийт 3882 хүмүүс хамруулсанаас АБЭӨӨ-төй 1337(34%), АБЭӨӨ бөгөөд илүүдэл жинтэй 1205 хүмүүс байжээ. Судалгаанаас үзэхэд жингийн илүүдэлтэй бөгөөд амьтны гаралтай уураг их иддэг хүмүүст элэгний өөхжилт үүсэх нь амьтны гаралтай уураг бага хэрэглэдэг хүмүүсийг бодвол 54% иар илүү байсан байна. Энэ нь нийгэм газар нутгийн онцлог, амьдралын хэв маяг, бодисын солилцооны хүчин зүйлтэй адил элэгний өөхжилт үүсгэх бие даасан хүчин зүйл юм хэмээн Нидерландын Эрасмусын Их Сургуулийн эрдэмтэн, элэг судлаач доктор С.Д Мурад ярьж байна. “Маш их ач хобогдолтой байж болох нэг зүйл гэвэл: Элэгний өөхжилт нь нийт илчлэгийн хэрэглээнээс хамаарахгүй байгаа учир аль болохоор олон төрлийн хоол идэж байх нь чухал” гэж тэрээр өгүүлжээ.
Судалгаанаас үзэхэд элэгний өөхжилтгүй хүмүүсийн өдрийн дундаж илчлэгийн хэрэглээ 2052 калори байхад элэгний өөхжилттөй хүмүүсийнх 1996 калори байсан байна. Элэгний өөхжилттөй хүмүүс (16%) өөхжилтгүй хүмүүсийг (15%) бодвол илчлэгийнхээ хэрэгцээг голдуу уурагнаас авч байна. Өөрөөр хэлбэл судалгааны 2 бүлэгт ногооны хэрэглээ адил байсан бөгөөд харин уургийн хэрэглээгээрээ л ялгаатай байжээ. (өөрөөр хэлбэл илчлэгийн хэмжээнээс биш илчлэгээ ямар хүнснээс авч байгаагаас хамаарна. МА)
Эрүүл хооллолт нь удам зүйн эрсдэлтэй хүмүүст ч өөхжилтийн эрсдэлийг багасгах нөлөөтөйг энэ судалгаа нотолж байна гэж Израйлийн Хайфа Их Сургуулийн судлаач Шира Зельбирт Саги өгүүлжээ. Энэ судалгааний үр дүн нь улаан мах (амьтны) аль болохоор бага идэж харин загасны мах түлхүү идэх нь зүйтэй гэсэн нотолгооог улам баталгаажуулж байгаа бөгөөд ер нь Газар Дундын Тэнгис орчмын иргэдийн хооллолтын дэглэмийг баримтлахыг др. Зельбирт Саги зөвлөжээ. Тэдний хооллолт нь голдуу бүхэл үр, загас, өөхгүй уураг, ногоо, оливын тос байдаг байна. Др. Зельбирт Саги цааш нь хүн улаан махыг долоо хоногт 2 оос илүүгүй идэж, шарсан, хуурсан, утсан мах аль болохоор идэхгүй байхыг зөвлөжээ.
Бэлтгэсэн: АУ-ны доктор, дэд проф. М.Алтанхүү