Хэдийгээр эрүүл мэндийн практикт хепатитын в вирүсийн идэвхитэй болон идэвхигүй урьдчилан сэргийлэлт, нэг удаагийн зүү тариур нэвтэрч оношлогоо сайжирснаар хепатитын в вирүсийн өвчлөл эрс буурсан ч ялангуяа бага насны хүүхдийн дунд халдвар тохиолдсоор байна. Судлаачдын үзэж байгаагаар үүний нэг шалтгаан нь хепатитын в вирүсийн халдвартай эхээс нярайд халдвар дамжиж байгаад оршиж байгаа юм. Манай улсад хүүхдүүдийн дунд хийгдсэн хепатитын вирүсийн тархалтын судалгааанаас үзэхэд хепатитын в вирүсийн гадаргуугийн антиген (HBsAg)-ийн тархалт 1990-2000 оны хооронд төрсөн хүүхдүүдийн дунд 15.2%-9.8% байсан бол 2004-2007 онд төрсөн хүүхдүүдэд 1%-иас бага болтлоо буурсан дүн гарчээ. Судалгаанаас үзэхэд дархлаажуулалт хийгдээгүй тохиолдолд хепатитын в вирүсийн халдвар эхээс нярай (ЭН)-д дамжих эрсдэл хепатитын в вирүсийн гадаргуугын антиген (HВsAg), болон “е” антиген (HBeAg) хоёул эерэг бол 70%-90%, HBsAg эерэг, HBeAg сөрөг бол 10%-40% байдаг ба хепатитын в вирүсийн архаг халдвартай эхээс төрсөн хүүхдийн 35%-50% нь хепатитын в вирүс авсан байх магадлалтай байдаг байна.
Сүүлийн үеийн олон судалгаагаар эхийн HBeAg-ийн серологийн байдал болон вирүсийн ачаалалын хэмжээ нярайд хепатитын в вирүсийн халдвар дамжихад гол эрсдэлт хүчин зүйлс болдог болохыг харуулж байна. Олон улсад HBsAg эерэг эхээс төрсөн нярайг хепатитын в вирүсийн халдвар авахаас сэргийлэхийн тулд төрсний дараа 24 цагийн дотор хепатитын в вирүсийн эсрэг вакциныг хепатитын В вирүсийн иммуноглобулин G-ийн хамт тарьж цаашид 6 сарын дотор нийт 3 тун вакцин тарихыг зөвлөмж болгодог ч манай оронд олонхи тохиолдолд зөвхөн вакциныг дангаар нь хэрэглэж байна.
Эх сурвалж: BioMedCentral
Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж татаж авах боломжтой.