Манай албан ёсны цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэe!
Хүн бүр өвдөх өвчингүй, эмтрэх эмгэггүй байж айл өрх бүр элэг бүтэн байхын төлөө бид бүхий л оюун бодол, ажил үйлс, үйл ажиллагаа, зорилго зорилтоо чиглүүлдэг билээ.
Тангараг өргөсөн эмч хүний хувьд, тавьсан зорилгодоо хүрэх чин зорилго өвөртөлсөн судлаач хүнийхээ тухайд Элэгний төвийг байгуулж эрдэмтэн багш нар, эрүүл мэндийн салбарын нэрт зүтгэлтнүүд, ажил мэргэжил нэгт эмч судлаач нөхдийнхөө хамт хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж байна.
Зовлон жаргал нэгтэй түмнийхээ төлөө зүтгэх, зорьсондоо заавал хүрч олныхоо ачийг хариулах амин тангарагийг Алтайн уулс шигээ түшигтэй аав минь зөв үйлээрээ ясанд минь сийлж, хүний хайлан ижий минь ангир уургаараа цусанд минь шингээсэн.
Эндээс л “Элэг бүтэн Монгол”-ыг бүтээх их зорилго минь биежин дэлгэрч, эгэл олныхоо төлөө мэддэг бүхнээ мэрийн зориулах, чаддаг бүхнээ чармайн харуулах хүслийн гал бадарсан.
Элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдэг вирүст хепатит өвчний эсрэг Монгол Улс даяараа тэмцэхээр Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтрелогийн холбоо хамтран Эрүүл элэг хөтөлбөрийг анх 2014 оны 9 сарын 8-ны өдөр олон нийтэд зарлан танилцуулж байсан билээ.
Элэг нэгт монгол түмнээ элэгний эмгэг өвчлөлөөс ангижруулах талаар бидний олон жил сэтгэл дотроо тээж, бодол оюундаа тунгаан боловсруулсан хүсэл мөрөөдөл ийнхүү бодит ажил хэрэг болж, уулын бяцхан горхи булаг шандын усаар тэжээгдсээр арвин уст их мөрөн болдгийн адил “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болж хаяа хүрээгээ тэлсээр байна. Энэ бол цөөхөн Монгол маань өвчин эмгэггүй халуун бүлээрээ элэг бүтэн байхын уриа дуудлага болж, цөхөрсөн олонд амь амьдрал хайрлах төрийн хөтөлбөр болсон их баяр байлаа.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бол үхэл зовлон, өвчин эмгэгийг ялан дийлэх үндэсний цогц хөтөлбөр болж чадсан гэж бид ам бардам хэлнэ. Үндэстэнээ элэг бүтэн байлгах “амь” хөтөлбөртэй боллоо гэж итгэл төгс ярьж чадна. Дэлхий нийт ч тэгж ойлгож үнэлж байна.
Үүний үр дүнд одоогоор 40 мянган хүн элэгний С вирүсээсээ бүрэн ангижирсан сайхан мэдээ байна. Одоо бид В, Д вирүсийг бүрэн эмчлэх эмчилгээний шинэ туршилтыг олон улсын нэртэй эрдэмтэдтэй хамтран хийж байна. Энэ ажил маань удахгүй үр дүнд хүрч сайхан мэдээ дуулгана гэдэгтээ ч итгэж буйгаа илэрхийльe!
Бид бүхний хамтын зүтгэлийн үрээр, засаг төрийн зарлиг шийдвэрийн хүчээр эм хямдарч, эмчилгээ хялбаршиж, элэгний эмгэгтэй, түүний урхагт үндэс болсон хорт вирүстэй тэмцэх ариун тулаанд бид яг одоо давшиж явна.
Хорин оны наадмаар Монголоо нэг хараарай! Тэр цагт амь аврах үйлсийн түүчээ болсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр аюулт өвчнийг ялан дийлсэн ялалтын мэдээ эх орны минь дөрвөн зүг, найман зовхист өртөөлөн цуурайлж байх вий. Тэр цагт цөөхөн Монгол олуулаа болж, цөн түрэх мэт эмгэг зовлонгийн мөсөн уул хайлсан байна гэдэгт итгэл төгс байна.
Эрүүл монгол хүний төлөө, эрдэнэт амины төлөөх энэ хөтөлбөрийн нэгээхэн эс эд нь иргэн Та гэдгээ үргэлж санагтун. Хамгаас эрхэм энэ зорилгын төлөө хамтдаа нэгдэн зүтгэе!
Та манай цахим хуудаснаас элэг судлалын эрдэм шинжилгээний ажилд гарч буй ололт амжилт, эмчилгээний шинэ боломж, Элэгний төвийн үйл ажиллагааны талаарх бодит мэдээлэл, урьдчилан сэргийлэх зөвлөгөө гээд өөрт хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг авах болно. Эрүүл мэндийг эрхэмлэн дээдлэгч танд баярлалаа.