Элэгний төвийн лабораторид хепатитийн B, С вирүсийн тоог тогтооход Abbott m2000sp/rt гэсэн бүрэн автомат системийг ашигладаг.
Бүрэн автомат гэж юу гэсэн үг вэ?
Багаж техникийг ашигласан үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр хүний оролцоо аль нэг шатанд нь байх нь зайлшгүй юм. Микро- ба молекул биолийн оношлогоо нь сорьцийг бэлдэх, хэмжилт хийх, хэмжилтийн үр дүнг боловсруулах гэсэн үндсэн 3-н хэсгээс бүрддэг. Энэхүү 3-н үе шатанд хүний оролцоо хичнээн хэмжээтэй байгаагаас шалтгаалан тухайн оношлогооны технологийг гар ажиллагаатай, хагас автомат, бүрэн автомат гэх мэтчилэн ангилж үзэж болох юм. Жишээлбэл өвчин үүсгэгч вирүсийн тоог тогтооход хамгийн эхлээд тухайн вирүсийн материалыг хүний цуснаас ялгах шаардлага гардаг. Гар ажиллагаатай технологийг ашиглаж байгаа тохиолдолд цуснаас ийлдсийг тунгаах замаар ялган авч улмаар ийлдсэн дээр олон төрлийн химийн бодисыг зааврын дагуу дараалан хийж, ингэх бүрдээ жижиг хуруу шилэн саванд сэлгүүлэн дамжуулдаг бөгөөд эцэст нь вирүсийн материалыг цуснаас ялгаж авдаг. Энэ бүгдийг гараар хийнэ. Харин хагас автомат технологи ашиглаж буй тохиолдолд дээр дурдсан үйлдлүүдийн зарим шатанд хүний оронд машин ажиллаж байж болох юм. Бүрэн автомат машин буюу систем ашиглаж буй тохиолдолд эхнээс нь дуустал бүх шатыг робот машин хийж гүйцэтгэнэ. Abbott m2000sp/rt систем нь нэг дор 93 хүний сорьцыг бэлдэж, хэмжилт хийж, үр дүнг боловсруулж эцсийн байдлаар хэвлээд эмчийн ширээн дээр тавьж чадах бүрэн автомат систем юм. Үүний тулд эмч өвчтөнөөс авсан цусны дээжнүүдийг машинд оруулж өгөөд нэг товч дарахад хангалттай. Abbott m2000sp машины баруун зүүн 2 “гар” 0,1 мм-ийн нарийвчлал бүхий алхамаар програмчлагдсан удирдлагын дагуу хөдөлж цааших бүх зүйлийг хийх бөгөөд эмч оношлогооны явцад ямар нэг “илэрхий, техникийн” алдаа гарна гэдэгт санаа зовох зүйлгүй байж болох юм.
Бүрэн автомат системийн давуу талууд юу вэ?
- Хамгийн том давуу тал нь хүний санамсаргүй гаргадаг, улмаар оношлогооны эцсийн үр дүнд аймшигтай нөлөөлдөг алдаануудыг робот машин хэзээ ч гаргахгүй. Жишээлбэл сорьцнуудыг хооронд нь андуурах, холих бодисуудын нарийн хэмжээг алдах, зөв дараалал алдагдах, цаг хугацааны дүрэм зөрчигдөх, явцын дунд ямар нэг юм дутагдах зэрэг асуудлууд бүрэн автомат систем дээр огт гарахгүй.
- Бодисын чанартай, найдвартай байдал бүрэн автомат систем дээр найдвартай хангагдана. Abbott m2000sp систем нь зөвхөн өөрийн үйлдвэрийн тусгай картридж бүхий урвалж бодис, пластик хэрэглэлүүдийг ашиглана. Систем сорьцийг бэлдэхээс өмнө хэрэглэх бодисоо эмчээс үл хамааран тусгай бар кодын нууцлалаар скайннердаж шалгадаг бөгөөд урвалж бодисууд нь цоо шинэ, хугацаа нь дуусаагүй, хоорондоо зохицож ажиллах боломжтой болохыг мэдсэний дараа л ажлаа эхэлнэ. Нэг задалсан бодис дахиж хэзээ ч уншигдахгүй.
- Оношлогооны эцсийн хариуг зөв тооцоолно. Хэмжилтийн үр дүнд гарсан утгуудыг хамгийн шалгарсан “горимоор” бодож хамгийн өндөр нарийвчлалтай гаргана. Багцаална, таамаглана гэсэн ойлголт байхгүй. Хэмжилтэнд байнга хөндлөнгийн хяналтыг авч явах бөгөөд хэмжилтийн утга жаахан л хэвийн бус байвал шууд уг сорьцийн шинжилгээг хүчингүй болгоно. Дахин давтан хийхээс өөр ямарч арга байхгүй.
- Өндөр мэдрэг чанар. Abbott m2000sp/rt систем нь хепатитын С вирүсийн тоог 12 IU нэгж хүртэл тоолж чадах чадвараар одоогоор дэлхий дээр ашиглагдаж буй хамгийн өндөр мэдрэг чанар бүхий системд тооцогдож байна. Түүний дараа 15IU нэгж хүртэл тоолж чадах Roche Cobas систем орно.
- Байнгын чанарын хяналт. Лабораторид суурьлуулагдсан Abbott m2000sp/rt систем нь интернэтээр байнга үйлдвэрлэгч компанийнхаа хяналтын төвтэйгээ холбоотой байдаг. Системийн техникийн бүх үйл ажиллагааны мэдээлэл (өвчтөний мэдээллээс бусад) компанийн хяналтын төвд синхрон бүртгэгдэж байдаг бөгөөд ямар нэг алдаа илэрсэн тохиолдолд холбогдох хүнд шууд мэдэгддэг.
- Оношлогооны үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх байдал. Эрүүл мэндийн үйлчилгээ глобал шинжтэй болсон өнөө үед оношлогооны үр дүн бусдад итгэл төрүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх байдал чухал зүйл юм. Abbott m2000sp/rt систем нь молекул оношлогооны хувьд аль хэдийнээ дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн нэр хүндтэй автомат систем бөгөөд дэлхийн аль ч улсын эмч уг системээр хийсэн оношлогоог бүрэн хүлээн зөвшөөрдөг.