Хепатитын В вирүсийн архаг үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хепатитын В вирүсийн халдвар авснаас болоод элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөж эхэлдэг. Элэгний гэмтлээс хамаарч өөр өөр шинж тэмдгүүд илэрдэг. Бага зэргийн гэмтэл хөнгөн хэлбэрийн үед шинж тэмдэг бүдэг илэрдэг бол маш хүнд үед – элэгний цирроз, заримдаа элэгний үйл ажиллагаа бүрэн алдагдаж элэгний дутагдлын шинжүүд гарч болно. Ихэнх хүмүүст хепатитын В вирүсийн халдвар магадгүй олон арван жилээр шинж тэмдэггүй явагддаг. Гэтэл зарим тохиолдолд элэгний үрэвсэл хурц давшингуй хэлбэрээр явагдан элэгний цирроз богино хугацаанд үүсдэг бөгөөд энэ нь тухайн хүний биеийн дархлааны онцлог чадамжаас ихээхэн хамааралтай.
Хепатитын В вирүсийн архаг халдвар нь элэгний эсийн анхдагч өмөнд (hepatocellular carcinoma) шилжих урьдал өвчин болдог. Элэгний өмөнгийн эхэн үед шинж тэмдэг тод бус, мэдэгдэхгүй шахам байдаг. Энэ үед элэг томорсноос хэвлийгээр өвдөлт өгнө, халуурч, биеийн жингээ алдаж эхэлнэ. Элэгний өмөнгийн үед цусанд альфафетопротейн (AФП) гэж нэрлэгдэх уураг илэрч байгаагаар оношлоно. Мөн элэгний хэт авианы оношлогоо болон Компьютер томографын шинжилгээгээр илрүүлэн тогтоодог.
Заримдаа ХВВ-ийн халдвар авсны дараа дархлааны үйл ажиллагаа алдагдаж бусад эрүүл эрхтэнд халдаж гэмтээдэг. Ийм үед:
- Бие махбодийн жижиг судаснууд хамгийн түрүүнд өртдөг. Энэ үед маш олон шинжүүд -булчин суларч ядрахаас эхлээд мэдрэл гэмтэх, арьсан дээр шарх үүсэх, бөөрний шалтгаант өөрчлөлтүүд, цусны даралт ихсэх, шалтгаангүйгээр халуурах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд гардаг.
- Бөөрний түүдгэнцэрийг ч гэмтээж болзошгүй.