Хепатитын В вирүс (ХВВ)-ийн архаг халдвар даамжрах шалтгаан нь хэд хэдэн хүчин зүйлээс нөлөөлдөг.
Тухайлбал:
• Өвчтөн хэдэн насандаа халдвар авсан
• Вирүсийн үржил, идэвхи хэр зэрэг явагдаж байгаа
• Дархлааны систем уг халдварыг хэрхэн хянаж чадаж байгаа зэргээс хамаардаг.
ХВВ-ийн халдварыг ерөнхийд нь дараах үе шатуудад хуваана.
• Дархлааны үл тоомсорлох шат. Энэ шатанд дархлааны систем вирүсийг хүлээн авахгүй.
• Дархлааны системийн идэвхтэй шат. Энэ үед дархлааны систем вирүсийг устгаж эхэлдэг.
• Идэвхгүй шат. Энэ үед вирүс идэвхжлээ алдана.
Дархлааны системийн үл тоомсорлох шат
Төрөх үедээ болон бага, хүүхэд насандаа ХВВ-ийн халдвар авахад дархлааны систем вирүсийн эсрэг ямар нэг урвал үзүүлдэггүй. Хэдийгээр вирүсийн үржил их, идэвхжил өндөртэй байсан ч энэ нь элэгний үрэвслийн нотолгоо болж чадахгүй, ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Энэ шат хэдэн жилээр магадгүй арав, хорин жилээр үргэлжилдэг. Харин насанд хүрсэн үедээ ХВВ-ийн халдвараар өвчлөгсдөд энэ шат явагддаггүйгээрээ онцлог юм.
Дархлааны системийн идэвхтэй шат
Хүүхэд насандаа ХВВ-ийн халдвар авагчид 30-40 жил болсны дараа дархлааны систем хариу урвал үзүүлж эхэлдэг. Тэгвэл насанд хүрсэн үедээ ХВВ-ийн халдвар авагсдад халдвар авсан даруйд л дархлааны систем ажиллаж эхэлдэг. Дархлааны систем энэ шатанд вирүстэй эсүүдийг устгаж эхэлдэг. Энэ шатанд элэгний эдийн шинжилгээ хийж элэгний үрэвслийн байдлыг бодит байдлаар тогтооход тохиромжтой. Зарим тохиолдолд цусны шинжилгээгээр элэгний үрэвслийн шинж тэмдэг илрэхгүй боловч элэгний эдийн шинжилгээнд үрэвслийн болон элэг фиброз-сорвижлийн шинж илэрч болдог. Энэ цэвэрлэгээний шат хэдий чинээ удаан үргэлжлэнэ төдий чинээ элэгний эсийн өөрчлөлт-фиброз, цирроз болох явцад илүү өртөж байдаг.
Идэвхгүй шат
Дархлааны систем ХВВ-ээс цэвэрлэгдэх процесс явагдаж байх явцад В вирүс идэвхжлээ алдан дараагийн шат болох идэвхгүй шат руу шилждэг. Энэ шатанд В вирүсийн тоо эрс цөөрч эрүүл хүний цусны үзүүлэлтүүдтэй ойролцоо болох ба ямар нэг шинж тэмдэг илрэхгүй. Хэдий тийм боловч энэ үед вирүс хадгалагдсаар байх ба нэлээд эрт ч циррозд өртөх боломжтой. Энэ идэвхгүй шатанд вирүс эргэж идэвхжиж болдог. Үүнийг ”дохио” хэмээн нэрлэдэг. Энэ үед элэг гэмтлийн шинжүүд илэрч болох биохими ба цусны шинжилгээнд өөрчлөлт ордог. Энэ дохио өгөхөд дархлааны смстем дахин сэргэж вирүсийн эсрэг ажиллаж эхэлдэг. Ингэж дохио өгөх нь заримдаа элэгийг улам өвчлүүлэн маш хүнд байдал үүсгэж болдог. Энэ үед элэгний цирроз улам гүнзгийрч, төгсгөлийн шатанд орж эсвэл элэгний хорт хавдарт ч шилжиж болдог. ХВВ-ийн халдвар дунд зэргийн явцтай дархлааны системийн идэвхтэй үеэс идэвхгүй шатанд шилжиж байгаа үед өвчтөн ихэвчлэн эрүүл халдвар тээгчид болдог. Тэдгээр нь халдвар тараах боломжоо хадгалсаар л байдаг. Мөн эдгээр хүмүүс ХВВ-ийн халдвар аваагүй хүмүүсээс элэгний цирроз, элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл нь илүү өндөр байдаг.