Хепатитын В вирүсийн халдварыг үүсгэгчийн тухай
Хепатитын В вирүсийн халдварыг үүсгэгч нь ДНХ агуулсан вирүс, өөрөөр хэлбэл удмын материал нь дезоксрибонуклейний хүчлээс бүтдэг. Hepadnaviridae гэх омогт хамаардаг. Энэ вирүс нь элгэнд анхдагчаар байрлах боловч цус болон биеийн шингэнүүдэд бас байдаг. Хепатитын В вирүс нь төв ба түүнийг тойрч дугтуйлагдсан өчүүхэн жижиг бүрхүүл гэсэн үндсэн 2 хэсгээс тогтоно. Энэ төвийн хэсэг буюу үндсэн массыг төвийн буюу HBcAg антиген гэж нэрлэдэг.
ХВВ нь төв хэсэг нь ДНХ–ээс бүтэх ба зүрхэвч антиген (НВсАg),бүрхүүл хэсэг болох гадаргуугийн антиген (НВsAg) гэнэ. Мөн ХВВ-ийн үржлийн үед зүрхэвч антиген задарсаны улмаас “е” антиген болох (HBeAg) илэрч болно.
Хепатитын В вирүсийн халдварын дамжих зам
Хепатит үүсгэгч В вирүс нь зонхилон хүний цус, цусан бүтээгдэхүүн мөн үрийн шингэн, үтрээний шүүрэл, цөөн тохиолдолд хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. Харин хоол, хүнс, усаар дамжин халдварладаггүй. Бохир зүү тариур хэрэглэх, шивээс хийх, чих, арьс цоолох, зүү эмчилгээ хийлгэх явцад халдвар авах эрсдэлтэй. Мөн халдвартай хүний шүдний сойз, сахлын хутга зэргийг дамжуулан хэрэглэх нь осолтой. Төрөлтийн явцад ХВВ-ийн халдвартай эхээс төрсөн хүүхэд халдвар авах эрсдэл маш өндөр. В вирүсийн халдвар цочмог, ужиг мөн архаг явцтай байж болно.
Хепатитын В вирүсийн цочмог халдварын тухай
Цочмог хепатитын В вирүсийн халдвар нь халдвар авснаас хойш 1 сараас 4 сар хүртэл үргэлжилдэг. Өвчлөгсдийн зөвхөн 30-50%-д л шинж тэмдэг ажиглагдана. Эрт илэрч буй шинжүүд төдийлөн тод бус ханиад хүрч буй мэт, бага зэрэг халуурч, үе мөчөөр өвдөж болно.
Энэ үед илрэх шинжүүд:
- Шалтгаангүйгээр ядарна.
- Хоол идэх дургүй болох.
- Дотор муухай оргих.
- Арьс, нүдний салст шарлана
- Хэвлийн баруун хавирганы доод хэсгээр өвдөнө. (Энэ нь элэг үрэвсэж хэмжээгээрээ томорсноос болж буй)
Ойролцоогоор 60-70 % нь шарлах шинж тэмдэг илрэхгүй далд хэлбэрээр явагдаж болно. Ийм тохиолдолд хүмүүс халдвар авсанаа мэдэхгүй өнгөрдөг.
Хепатитын В вирүсийн архаг халдварын тухай
ХВВ-ийн гадаргуугийн антиген болох HBsAg тухайн хүний цусанд 6 сараас дээш хугацаатай илрэхийг архаг ХВВ-ийн халдвартай гэж үзнэ. Энэ хэлбэрийн онцлог нь өвчний шинж бүрэн арилахгүй байнга сэдэрч, намжиж байдаг.
Насанд хүрэгчид ХВВ -ийн халдвараар өвдөхөд 90-95% нь бүрэн эдгэрч насан туршийн дархлаа тогтдог. Ойролцоогоор 5-10% нь л ХВВ-ийн архаг хэлбэрт шилждэг.Харин бага насандаа буюу төрөх замаар авсан тохиолдолд 90 орчим хувь нь архагшдаг. ХВВ-ийн архаг халдвартай хүмүүсийг архаг халдвар тээгчид гэж үздэг.
Халдвар тээгчдийн гуравны хоёр нь өөрсдийгөө өвчилсөн гэж огт мэддэггүй ба шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг. Гэвч тэд халдвар тараах эрсдэл өндөр.
- ХВВ-ийн архаг халдвартай үед үрэвсэл цааш даамжирвал элэг хатууран сорвиждог. Үүнийг цирроз гэж нэрлэдэг. Энэ үед элэг цаашид хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй болж элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй байдалд хүрдэг.
- ХВВ-ийн архаг халдвар нь элэгний анхдагч өмөнд шилжих аюултай. (hepatocellular carcinoma)
- Дээрх нөхцлийн аль алин нь амь насанд аюултай байдлыг үүсгэж болох ба ХВВ-ийн архаг халдвараар өвчлөгсдийн 15-25% нь уг өвчнөөр нас бардаг.
Хепатитын В вирүсийн оношлогооны тухай
Хепатитын В вирүсийн оношлогоонд HBsAg илрүүлэх нь хамгийн чухал эхний алхам юм. Дараа нь элэгний биохими, ЭХО, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, альфа-фетопротейн (AFP) гадна ХВВ-ДНХ ачааллыг тоолох, HBeAg, anti-HBe эсрэг биеийг илрүүлэх, түүнчлэн anti-HDV байгаа эсэхийг тодруулж шинжлэх зайлшгүй шаардлагатай.