Монголчууд хэзээнээс нааш элэг бүтэн байхыг эрхэмлэж ирсэн ард түмэн. Эх орон, угсаа гарвал нэгтнээ элэг нэгтэн минь, элгэн садан минь гэж өөриймсөж, эерүү зөөлөн, зөв хүнийг элэгтэй хүн, элгэмсүү хүн гэж хүндэтгэн нэрийддэг билээ. Энэ бүхнээс үүдээд монгол хүн элэг хэмээх эрхтнээ эртнээс нандигнаж, эрхэм бүхнээ түүнтэй адилтган, түүн лугаа дотночилж зүйрлэн ирсэн юм болов уу гэх дэврүүн бодол эрхгүй төрнө. Амьдралынхаа 50 шахам жилийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа элэг судлал, хепатит В вирустэй тэмцэх үйл хэрэгт зориулж, монгол хүн эрүүл саруул, монгол удам элэг бүтэн жаргалтай байхад эрдэм оюун, их хичээл зүтгэлээ зориулсан эрдэмтэн судлаач Р.Арслантай хийсэн ярилцлагаа толилуулж буйдаа баяртай байна. Эрүүл мэндийн шинжлэх ухаанд оруулсан түүний хөдөлмөр зүтгэлийг ДЭМБ өндөр үнэлж энэ онд түүнд Сасакавагийн нэрэмжит шагналаа хүртээсэн. Их спорттой зүйрлэвээс олимпийн аварга, сонгодог урлагаар жишвээс дэлхийн дуурийн хааны титэм зүүсэнтэй адилтгаж болох ийм том шагнал хүртлээ гээд тэрээр өөрийгөө магтаж дөвийлгөсөнгүй, өргөн олон ч түрүүлсэн морь бөхөө шагшиж хуйлардаг шиг түүнийг дагаж шуугисангүй. Төр засаг ч дэлхийд үнэлэгдсэн монгол эрдэмтэнээ, олон улсад оройлсон оюун ухааныг нь ойшоож тоолгүй огоорч орхисон нь гашуун үнэнтэй. Тэглээ гээд буурал эрдэмтэн “Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүн даруу” гэдгийн үлгэрээр амь аврах анагаах үйлсэд чухал тустай эрдэм судалгааны ажлаа хийж, “Элэг бүтэн Монгол”-ын төлөө сэтгэлээ чилээж сууна. Уул мэт эрдэмт хүний далай ухаанаас ганц боловч дуслыг хүртэх хувь олдсонд талархмуу.
-Та амархан сайн байна уу? . Сайхан зусаж байна уу? Эрдэм судалгааны ажил тань амжилт арвин уу?.
-Сайхаан. Сайхан зусаж байна. Та сайн байна уу ?
-Юун түрүүнд таныг энэ жил ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртсэнд тань халуун баяр хүргэе. Энэ бол монгол хүний, монгол эрдэмтэний дэлхийн анагаах ухаанд оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлсэн сайхан хэрэг байлаа.
-Их баярлалаа.
-Тэгэхээр элэг судлалаар та хэчнээн жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна вэ?. Амьдралынхаа хэдэн жилийг энэ ажилд зориулав ?
-Элэг судлалын асуудлаар, ялангуяа вирүст хепатит, түүний халдварын чиглэлээр анх АУДС төгссөн цагаасаа л эхлэн сонирхож эхэлсэн. Учир нь би 2-р эмнэлэгт ажилд ортол вирүст хепатитын асуудалтай тулгарсан. Тэр үеэс л өнөөг хүртэл энэ талаар ажиллаж вирүст хепатиттай тэмцэх чиглэлээр төр засгаас нааштай шийдвэр гаргуулах, гадны тусламж дэмжлэг авах тал дээр анхаарч ажиллаж ирсэн.
-Таныг судалгааны ажлаа эхэлж байх тэр 60, 70-аад оны үед вирүст хепатитын нөхцөлд байдал ер нь ямаршуу байдалтай байсан юм бэ?
-Би 2-р эмнэлэгт дотор болон лабораторийн эмчээр ажилласан. Тэгээд биохимийн шинжилгээ давхар хийдэг байв. Гэтэл химийн шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн цусны ийлдэсийг хуруу шилэнд авсныг үзэхэд нэлээд хэсэг нь шав шар өнгөтэй, зарим нь бүр бараан шар, бараан хүрэн өнгөтэй байдаг байсан. Би их гайхдаг байсан л даа. Яасан олон хүний цус ийм асуудалтай байна вэ гэж. Тухайн үед 2-р эмнэлэг хүүхдийн тасагтай, их олон хүүхэд хэвтдэг байсан. Асуудалтай цусны нэлээд хэсэг нь хүүхдийнх, тэр дундаа бага насны хүүхдийнх байсан нь тун чиг их санаа зовоосон. Шинжилгээ хийхэд трансминаз нь учиргүй өндөр гарна. Архаг хепатиттай, циррозтой улсууд ч их байсан. Тухайн үед Эмнэлэг гэгээрлийн ордон гэж монголын эмч нарын хандиваар баригдсан ордон байлаа. Энэ ордонд 7 хоног бүр эмч нар цуглана. Тэрэн дээр нэг удаа хепатитын асуудал хамгийн тулгамдсан асуудал боллоо, үүнд эмч нар, эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд анхаарал хандуулж ажиллаач, тэмцээч гэж хэлж байсан. Үнэхээр 60-аад онд Монголд вирүст хепатитын том дэгдэлт явагдсан. Намайг 1968 онд 2-р эмнэлэгт ажиллаж байхад энэ дэгдэлт харьцангуй буурсан байсан ч өвчлөл бас л маш их байлаа. Би Унгарт сургуульд сурч байгаад Монголд ирэхдээ мэргэжлээсээ хоцрохгүй байхын тулд Унгарын анагаах ухааны сэтгүүл байнга захиалдаг байсан. Тухайн үед би ЗХУ-ын сонин хэвлэлийг сайн мэдэхгүй. Ер нь тухайн үед мэдээлэл их тун тааруу байлаа шүү дээ. Монгол ч их түгжигдмэл. Барууны оронтой бараг харьцахгүй. Англи хэлээр ярьдаг ч хүн гэж байсангүй. Харин Унгар бол хөгжчихсөн орон учраас ер нь ямар ч эмнэлгээр нь орсон жигтэйхэн сайхан номын сантай. Тэр номын санд нь бүх орны, Зөвлөлтийн барууны бүхий л хэвлэлүүд байж байдаг байсан. Тэгээд яахав оюутнууд бид зав чөлөөгөөрөө ороод тэрийг нь уншина. Тэгээд Унгар сэтгүүл үзэж байтал Австрали антиген, одоогийн хепатит В гийн гадаргын антигений тухай юм биччихсэн байсан. Тэрнээс л би анх вирүст хепатит гэж ийм юм байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Түүн дээр хепатитыг эрт нууц үед нь оношлоход их ач холбогдолтой зүйл бичсэн байсан л даа. Тэгээд манайд хепатит ийм тулгамдсан асуудал болоод байгаа үед энэ шинжилгээг ер нь манайд нэвтрүүлэх юмсан гээд сонирхсон. Тэгэхэд миний анхаарлыг юу их татсан гэхээр энэ антиген Монгол хүнд их илэрсэн гээд нэг сэтгүүл дээр биччихсэн байсан л даа. Тэгээд би их гайхсан. Бүр барууны хэвлэлд тэгээд биччихсэн байхаар нь. Ямар хүн ингээд 60-аад онд монгол хүнд хэдийдээ ийм судалгаа хийчихэв гээд. Лансет гээд сэтгүүл дээр байсан санагдаж байна. Тэгээд би Москвад байдаг танил руугаа захиа бичлээ л дээ. Москвагийн Лениний номын сангаас ийм ийм сэтгүүлийн зургийг хальсан дээр буулгаад надад ирүүлээч гээд. Тэр хүн маань ч хэлсэн ёсоор ирүүллээ. Тэгээд би өнөөхийгөө зургийн цаасан дээр өөрөө буулгаад уншсан чинь монгол хүн биш монгол өвчинтэй хүн гэж бичсэн байдаг байхгүй юу. Монгол өвчин гэж дээхнэ үед дауны синдромыг нэрлэдэг байсан юм. Хожим би энэ асуудлаар яаманд ажиллаж байхдаа Гадаад явдлын яамны шугмаар санамж бичиг ДЭМБ-д илгээж, энэ өвчнийг даунаар нь нэрлээч ээ , монгол өвчин гэдэг үгийг болиулаач ээ гэдэг хүсэлт гаргасны дагуу энэ нэршилийг хойшид хэрэглэхээ болисон юм. Тэгээд би ингэж сэтгүүл сонин үзээд хепатитыг сонирхсон чинь 60, 70-аад оны үед 10 мянган хүнд өвчлөл 300-400 болтлоо нэмэгдчихсэн байсан л даа. Тэгээд тэр дотор хүүүхэд ямар байна вэ? гээд үзсэн чинь10 мянган хүүхэд дотор 900 , бүр мянга гараад явчихсан байдаг байгаа. Улсын хэмжээнд хүн амын дундаж өвчлөл 300 байхад 1 настай хүүхдэд 900, мянга гараад явчихсан. Ингэхээр нь нас баралтын байдлыг бас аваад үзлээ. Намайг 2-р эмнэлэгт байхад хотын Ариун цэврийн станц гэж байсан. Хажуухан талд нь Эрүүл ахуй, халдвар нян судлалын институт гэж байв. Тэндэхийн эмч нартай уулзаад “Тоон мэдээ өгөөч…” гэхэд тэд намайг ийм юман дээр ажиллаж байна гээд их дэмждэг , тоо мэдээгээ цааргалалгүй өгчихдөг байсан л даа. Гэхдээ яг энэ өвчний тухай мэддэг ойлгодог хүн их цөөхөн байлаа. “Ийм өндөр өвчлөлтэй, нас баралттай өвчин байна. Ийм байж таарахгүй. Үүнтэй тэмцэхгүй бол болохгүй юм байна…” гэж би эрс шийдсэн. Тэр үед бидний шинжлэх ухааны мэдлэг бол их дутмаг байсан л даа. Бид нар мэдээлэл байхгүй учраас мэдлэгээрээ тасраад хоцорчихсон байхгүй юу. Тийм ч учраас манай эмч нар энэ талаар ямар ч тодорхой ойлголт мэдлэг байхгүй. Би тэр үед 2-р эмнэлэгт ажиллаж байсан учраас олон дарга нар, эрх мэдэлтэй улсыг танидаг байсан л даа. Тэгээд үүнийгээ дарга нарт асуудал болгоод ярьдаг байсан. Майдар дарга, Лувсан гуай ,Цэвэгмид дарга эд нарт хэлдэг байсан. Нэг ийм юм байнаа гээд. Тэд ч “ …Чи наад асуудлаа яамныхаа шугмаар тавиад явуулаа…” л гэдэг байсан. Тэр үед чинь бас хамаагүй асуудал гаргаж тавибал сайдыгаа эвгүй байдалд оруулна шүү дээ. Тэгж болохгүй. Тэгээд би яаманд Түмэндэмбэрэл сайд гээд 1-р орлогч сайд байсан. Шаадай сайд гээд халдварт өвчний асуудал хариуцсан орлогч сайд байсан. Тэдэнд би “ Энэ шинжилгээг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй байна, үүний оношлуурыг захиж өгөөч ээ , ийм ийм аргаар би хиймээр байна…” гээд. Би Унгар луу хепатитын тухай ном захиалсан маань ирээд тэнд тархвар судлалын бүхий л аргыг биччихсэн байсан юм. Тэр үед чинь 1-р үеийн арга гэж одоогийн аргаасаа мэдрэг чанараараа доогуур хэрнээ их өвөрмөц, 100 хувь илрүүлдэг арга хэрэглэдэг байсан. Хамгийн боломжтой тэр үеийн аргыг л би нэвтрүүлнэ гээд үзсэн л дээ. Тэр үед үүнийгээ хэдэн хүн дээр туршлаа, тэр байтугай донорын хэдэн хүн дээр хүртэл туршиж үзлээ л дээ. Тэгэхнээ донорууд дунд хүртэл хепатитын халдвартай хүн илэрдэг байгаа. Эмнэлгийн цус сэлбэлтийн нөөцөд байгаа цус хэр найдвартай юм болоо гэдгийг сонирхоод тэрүүнд хүртэл шинжилгээ хийж үзлээ. Тэгсэн чинь өвчтөнд хийх гээд захиалаад авсан 500 гр цусанд өнөөх чинь байж байна. Тэгээд би “Энийг хийж болохгүй…” гэж хэлээд цусыг нь актлаад, өнөөхөөс ийлдэсийг нь ялгаж аваад тэрийгээ оношлуур маягаар хэрэглэсэн л дээ. Ингэтэл бид хепатитын В вирүсийг илрүүлж чадаж байсан. Гэхдээ дараа нь чухам яах ёстой вэ гэдгээ харин ерөөсөө мэдэхгүй байлаа. Энүүгээр тодорхой заавар гараагүй болохоор яах учраа мэдэхгүй байсан хэрэг л дээ. Том дарга нарт хэлчих юм бол нийгэмд айхтар том шуугиан дэгдэж, толгой дээр бөөн юм буучих гээд байдаг. Энэ оношлуурыг гаргаж авахаас өмнө би яам оношлуур гаргаж өгч чадахгүй болохоор нь 1971 онд Австрали антигенийг анх нээсэн АНУ-ын эрдэмтэн Блүүмберг гэж хүнд хандан захиа бичсэн. Хожим энэ хүн 1976 онд тэр нээлтийнхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн. Би 1971 онд энэ хүнд хандаж “Туслаач ээ, надад оношлуур өгөөч ээ…” гээд л бичсэн юмдаг. Тэгээд хэд хэдэн хэвлэлийн материалаасаа явуулаачээ гээд. Тэгтэл тэр хүн намайг санаа сэтгэлийн хувьд маш их дэмжсэн, нааштай хүлээн авсан хариу захиа ирүүлдэг байгаа. Гэхдээ мань хүн маш их гайхсан байсан л даа. Бүр 70-аад оны эхэнд Монголд энэ чиглэлийн ажил хийгдэж байгааг сонсоод тэгсэн байх. Хоёрт нь бол Японы Токиогийн их сургуулийн профессор Оокочи гэж хүнд хүсэлт тавьсан чинь мөн л их сайхан нааштай хариу өгсөн. Бас л “…Хамтарч ажиллахад, оношлуур явуулахад бэлэн, чухам хаагуур яаж явуулах вэ ?…” гэсэн л дээ. Тэгтэл 2-р эмнэлэгт хамт ажиллаж байсан хүн маань хэлж байна. “…Чи ер нь гадны хүнтэй , барууны оронтой харилцаад байх хэрэггүй шүү. Ер нь дэмий дээ…” гэж байна. “…Чи ах нарыгаа түшсэн нь дээр, Унгар аа ч юм уу…” гээд. Тэр үед чинь зарим хүмүүс хэлмэгдээд л, манай салбараас Сэтгэцийн эмнэлгийнхэн гэхэд асуудалд ороогдоод л, Дэмбэрэл сайд ажлаасаа буучихсан тун эвгүй цаг үе байсан л даа. Тийм учраас одоохондоо дэмий юм байна гээд нөгөө хоёртоо юу ч хариу өгөлгүй таг болчихсон. Их л гайхсан байх тэд нар. Тэр үед үнэхээр эвгүйтэж мэдэхээр байсан цаг л даа. Энэ өвчний тухай мэдээлэл чинь нууц байсан үе. Халдварт өвчний талаар тоон мэдээ гадагш нь өгөх, хэвлэлд нийтлүүлэх, олон улсын хурал зөвлөгөөн дээр үүнийг илэн далангүй танилцуулах хориотой байсан. Би үүнийг зөрчиж болохгүй байв. Тухайн үед энэ чинь бичигдээгүй хууль байсан хэрэг. Тэгээд оношлуур бүтэхгүй болохоор нь өөрөө оролдоод оношлууртай болсон нь тэр байхгүй юу. Тэгээд донор шинжилсэн чинь маш олон хүний цуснаас илэрч байна. Ерөөсөө л улсын хэмжээнд энэ вирүст хепатитын асуудлыг шийдэхгүй бол болохгүй юм байна гэдэг санаа бодол тэндээс төрсөн. Харин энэ чиглэлээр илүү нарийвчилсан судалгааны ажил хийх гэхээр 2-р эмнэлэг халдварт өвчний эмнэлэг биш учраас статус нь болохгүй байсан. Ер нь халдварт өвчинтэй зууралддаг эмнэлэг биш л дээ. Тэгээд би яаманд, байгууллагынхаа даргад Эрүүл ахуйн институт ч юмуу, Анагаах ухааны хүрээлэн лүү шилжье, гэдэг хүсэлтээ тавьсан. Анагаах ухааны хүрээлэнд оччихвол үүнийгээ сайхан хийгээд явчихна гэж бодсон л доо. Тэгтэл шинээр Инсулогийн лаборатори гэж байгуулагдаад яам намайг тэрний эрхлэгчээр очоод хажуугаар нь юмаа хий гэлээ. Тэгээд би 2-р эмнэлгээс гараад арай бага цалинтай ажил дээр очсон л доо. Би хохирч л байгаа юм. Гэхдээ ийм хэрэгтэй юм хийх боломж надад олдлоо гээд би их баярлаж л байсан. Боломж гарч байна гээд. Гэхдээ ямар ч санхүүжилт байхгүй. Ямар ч төсөв төлөвлөгөө, удирдамж байхгүй. Үүнийг би цэвэр өөрийн санаачилгаар хийсэн. Хэн ч намайг хий гээд зөвлөж барих, тушаах заах юм байгаагүй. Тэгээд тэнд АУДС-ийг онц дүнтэй төгссөн 2 лаборант яг миний доор ажилласан. Тэгээд гурвуулаа ажилдаа орсон л доо. Бүх эмнэлгүүд манай руу цусны дээжээ явуулна, шинжлүүлнэ. Халдвартын эмнэлэг , хүүхдийн шарын тасаг Зайсанд байлаа. Өвчний дэгдэлт ихсээд, өвчтөн нь эмнэлэгтээ бараг багтахаа байсан цаг. Тэгээд тэндээс шинжилгээ судалгаа хийх материал, цусны дээжээ унаа олдвол машинаар, олдохгүй бол бүр автобусаар зөөнө. Ингээд шинжилгээ хийгээд л анхны үр дүнгээ анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлж байлаа. Энэ өвчний талаарх мэдээлэл, зөв ойлголтыг олон нийтэд, шийдвэр гаргагчдад хүргэх ажил маш чухал байсан. Үүнийг ойлгох хүн тун цөөхөн. Ямартаа л ойлгохгүй болохоороо Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр намайг шүүмжилж байлаа шүү дээ. “…Австрали улстай ямар ч холбоо харилцаа байхгүй байхад юун Австрали антигени Монголд нэвтрүүлнэ гэж юм яриад байна…” гэж. Тэр улсын буруу биш л дээ хөөрхий. Мэдээлэл хомс байсан, англи хэлтэй хүн ховор байсан учраас тэр л дээ. Ямар ч байсан ингэж судалгаа хийсний ачаар хепатит В вирүсийг илрүүлэх шинжилгээ, тархварыг судлах ажлыг амжилттай эхлүүлсэн юм.
–Элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд та олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан хүн. Элэгний В вирус чухам юунаас үүдэн гарч байв. Тархалт нь ямар хэмжээнд хүрээд байв.
-Өвчлөл буурч байхад нас баралт ихсээд байсан. Энэ чинь хүнд хэлбэрийн хепатит В их байнаа л гэдгийг харуулж байгаа хэрэг. Ер нь Монгол улс хепатит В гийн хувьд нутагшмал орон байна гэдгийг, хүүхэд их өвчилж байна гэдгийг бидний судалгаа нотлосон. Мэдрэг чанар муу аргаар шинжлэхэд л тэгж өндөр гарч байгаа байхгүй юу. Ариун биш цус, арьс салстын бүтэн байдлыг эвдсэн тариа, мэс засал зэрэг ажилбаруудтай энэ өвчлөл шууд хамаарч байна гэдгийг тогтоосон. Нөгөөтэйгүүр хүн амын ерөнхий өвчлөл, 1 хүртэлх насны, 5 хүртэлх насны хүүхдүүд дунд өвчлөл маш өндөр байсан. Эрүүл хүнд австрали антиген 10 хувь илэрч байсан, өвчтэй хүнд 50 хувь хүртэл илэрч байсан. Энэ чинь их аймшигтай үзүүлэлт л дээ. Тухайн үед яам нэг их цочрохгүй байсан. Би ийм их гарч байгаад дотроо маш их айж байсан. Гэтэл гадаад орны хүнд 1 хувь ч гарахгүй байхад манайд эрүүл хүнд 10-13 хувь гарч байсан нь үнэхээр санаа зовоохгүй яах билээ. ДОХ-ын анхны тохиолдол дэлхийд 1971 онд гарч байхад харин яам, төр засаг их цочирдож байсан юмдаг. Бид нарыг чинь шөнө суулгаад яаралтай нэг хоногийн дотор хууль гарга гээд л гаргаж байсан юм шүү дээ. Гэтэл хепатитын аюулыг нэг их тоож үзээгүй. Чухам хэдийнээс их анхаарч эхэлсэн бэ ? гэхээр 1999 онд Нямдаваа гээд Халдвар судлалын төвийн дарга байсан, халдвар судлалын эмч, бүр дээр үеэсээ халдвар судлалын албыг удирдаад явсан Хүрэлбаатар хоёр элэгний хавдар ихсээд байна , энэ нь хепатит В тэй холбоотой байна гэдэг өгүүлэл “Халдвар судлал” гэсэн сэтгүүлд гаргасан юм. Тэгээд үүнээс хойш л анхаарал нэлээд нэмэгдэж ирсэн.
-Хепатит В-гийн эсрэг вакцин чухам хэдийд гарч, хэзээнээс Монголд нэвтэрсэн юм бэ?
Би 1981 онд судалгааны дүндээ тулгуурлаад, үүний үр дүнг ашиглах асуудлыг практикт их хурдан нэвтрүүлсэн. Тэр маань ч шууд өгөөжөө өгч эхэлсэн. Цус сэлбэлтийн дараах хепатит 1 жилийн дотор бараг 50 хувиар буурсан. Хоёрдугаарт хепатит В-г тусад нь оношилж, бүртгэж, тусад нь мэдээлэх тогтолцоо бий болсон. Гуравт нь зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслийн ариутгалыг сайжруулах асуудалд эргэлт гарч, бүх томоохон эмнэлэгт ариутгалын тусгай тасаг байгуулагдсан. Энэ бол үнэхээр үр дүнгээ өгсөн. 1976 онд хепатит В 10 мянган хүн тутамд 37 байсан бол вакцин хийгдэхээс өмнө 1990 он гэхэд 3 дахин буурч 10 орчим болсон. Наяад оны үед АНУ-д анхны вакциныг туршсан түүхтэй. Тэгээд дараа нь 1981 онд генийн инженерчлэлийн аргаар анх энэ вакциныг бүтээсэн юм. Тэр үедээ үнэтэй байсан л даа. Намайг 1979 онд судалгаагаа хийгээд дуусч байхад дээрээс үүрэг өгөөд яам руу татаад авсан юм. Тэр үед чинь бид дээд байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байж болохгүй. Хөдөө яв , тийшээ яв гэвэл явна ийм л байлаа шүү дээ. Миний ганц биелүүлээгүй юм бол ГЯЯ-нд намайг авах гэхэд нь би очихгүй гээд очоогүй юм. Судалгаа хийж байсан, энэ судалгаагаа дуусч байж болъё гээд очоогүй юм. Уг нь намайг чи Унгарт төгссөн, Унгарын асуудлыг хариуцсан дипломатч бол гэхэд нь ажлыг нь аваагүй юм. Харин ЭМЯ-нд очоод ДЭМБ-ын хуралд сайдыг дагаад явдаг юм байна. Тэнд очоод ДЭМБ-ын урдаа баридаг 2 мэргэжилтэнтэй уулзсан. Би ч амихандаа улс орныг төлөөлсөн их мундаг хүн очлоо. Тэгээд л “…Би ийм судалгаа хийсэн, ийм үзүүлэлт гарсан, вакцинаар туслаач ээ…” гэдэг хүсэлт тавилаа. Бас шинжилгээний шинэ арга нэвтрүүлмээр байна гэдгээ ч хэллээ. Би бүр Монголд вакцин хийе гэдэг том бодолтой явсан хүн л дээ. Монголдоо вакциныг үйлдвэрийн аргаар хийе, адуу малд тарьж туршаад, ийлдэсийн аргаар гаргаж авъя гэсэн бодолтой. Тэр үед чинь барууны орнуудад ийм юм хийж эхэлж байсан үе. Тэр үеэс бид нар вакцины бэлтгэл ажилд орсон. Ямар хүнд тарих нь тодорхой. Ерөөсөө л хүүхэд. Учир нь төрөх үеэр хүүхдэд цусаар халдвар дамжих эрсдэл их байсан. Тэр үед гадаадад яг энэ чиглэлийн судалгаа ид хийгдэж байсан. Ингэж явсаар дөнгөж 1991 онд л вакцин маань анх орж ирсэн. Шинэ төрсөн хүүхдүүдийн дөнгөж 4 хувьд нь тариад л жаахан вакцин маань дууссан. Дараа жил нь бараг зогсох гээд байдаг. Тэгээд би яаманд ажиллаж, халдварт өвчин судлал хариуцаж байсан хүний хувьд яах вэ гэж баахан эргэлзэж бодож байгаад нэг шийдэл орсон. Тэр үед нэг сайхан боломж олдсон нь НҮБ-аас “Хүүхдийн эсэн мэнд бойжих дэлхий дахины тунхаглал” гээчийг гаргав. Тэнд Монгол улсаа төлөөлөөд П.Очирбат Ерөнхийлөгч гарын үсгээ зурчихлаа. Ингээд Монгол улс тэр зорилтыг нь биелүүлнэ гээд үүрэг авчихгүй юу. Тэрэн дотор юу орсон гэхээр полимелит өвчнийг устгах, нярай татрангийн тархалтыг таслан зогсоох, улаан бурхныг хяналтад оруулах гээд. Тэрийг би толгой болгож аваад, хепатитаа дээр нь нэмээд “Дархлаажуулалтын хөтөлбөр” гэж боловсруулаад яамаар дамжуулж Засгийн газарт оруулсныг Ерөнхий сайд П.Жасрай Засгийн газрын хуралдаанаар батлаад өглөө. Гэтэл мөнгө байдаггүй, манай Монголын Засгийн газар жаахан мөнгө баталсан ч тэр нь хаанаа ч хүрдэггүй. Тэгэхээр нь би төсөл хийлээ. Төсөл хийгээд “…Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслаач…” гэдэг хүсэлтийг ДЭМБ-ын удирдлагуудад илгээлээ. Тэр үед ДЭМБ-ын орлогч захирал ирчихсэн байсан юм. Өнөөхөө шууд гарт нь атгууллаа. “UNISEF”-ийн орон нутаг хариуцсан захиралд нь бас нэг хувийг нь өгчихлөө. Тэгж байтал П.Нямдаваа сайд тэрийг аваад Улаанбаатарт болсон Донор орнуудын зөвлөгөөнд ороод явчихлаа. Тэгэхэд манай улсаас ганц бэлэн болсон төсөл нь тэр байсан. Тэгээд энэ төслийг JICA-гаар дамжуулж санхүүжүүлээд 1993-оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тэр болтол вакцин яаж залгуулсан гэхээр бартер худалдаагаар манай Эрүүл ахуйн институт Хойд Солонгос руу хивс гаргаж байж ДЭМБ-ын гэрчилгээтэй 2 удаа тарьдаг вакцин авч аргалж байлаа. Дараа нь JICA-ийн төсөл хэрэгжиж эхлэхээр Өмнөд Солонгосын болон бусад орны вакцин орж ирсэн. “Дархлаажуулалтын хөтөлбөр” маань ингээд 2001 онд дуусахаар өөр нэрээр Халдварт өвчний дэд хөтөлбөр хэлбэрээр цаашаа үргэлжилсэн юм. Тэгж одоогийн хэрэглэж буй Тавт вакцин, хепатитын моно вакцин орж ирсэн. Ямар ч байсан хамрагдалтын хувьд нярай хүүхдүүдийн 95 хувьд нь вакцин хийх болж бүр 98 хувьд хүрсэн. Хепатитын вакцинд хүүхдүүдээ бүрэн хамруулахад эцэг эхийн хариуцлага, улс орны төсөв санхүү, бөөнд нь зохион байгуулалттай хамруулах гээд асуудал бий л дээ. Хүүхэд өрхийн эмнэлэг дээр ирэхэд заавал энэ вакциныг тариад явуулж байх нь чухал шүү дээ.
-Хүний эрүүл мэндийг хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн тооцоо судалгаатай хийх нь их чухал юмаа гэдэг нь таны ярианаас ойлгогдож байна л даа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Оном сан санаачлаад, одоо Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн утгаараа тусгагдаад хэрэгжиж эхлээд байна. Энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд юун дээр анхаарвал зохилтой вэ?
-Хөгжсөн орнуудын туршлагаас харахад халдварт өвчний тархалтыг бууруулахад эм гол биш байсан байна. Вакцин бол чухал. Гэхдээ хамгийн чухал нь зөв бодлого явуулаад хүн амын эрүүл ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх явдал байсан байна. Ийм зөв бодлого явуулахад судалгаа заавал хэрэгтэй. Манайх бол судалгаа гэж их ярьдаг. Судалгаа хийсэн, судалгаа хийсэн гэдэг. Тэрийг нь яг аваад харахаар хэдэн тоо нэгтгээд харуулснаа л судалгаа гэчихдэг. Яг жинхэнэ судалгаа гэдэг чинь их нарийн л даа. Би ерөөсөө худлаа юм ярьж байгаагүй. Би дандаа тодорхой баримтан дээр үндэслэж ярьдаг, ажлаа ч тэгж хийж ирсэн. Ямар нэгэн танилцуулга бичлээ гэхэд баримтан дээр л тулгуурладаг. Судалгаа алдаа мадагтай байх л юм бол болохгүй. Судалгаа хийхэд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй. Баян орон бол байнга судалгаа хийж байдаг. Тэгэхээр байгаа мөнгөө зөв зарцуулж, ямар байдлаар хэдийд хийх вэ гэдэгт анхаарах ёстой. Судалгаа хийхэд хүний мэдлэг боловсрол, чадвар их чухал. Би яаманд байхад хоёр хүнийг нийгмийн эрүүл мэндийн мастер зэрэгтэй болгож, мэргэжлийн судлаачид болгосон. Тархвар судлаач, зан үйл судлаач гэхэд л манайд зайлшгүй байх ёстой.
-Аливаа ажлыг үр дүнд хүргэхэд мэдлэг боловсрол, мөнгө санхүү мэдээж чухал. Тэрэн дээр сэтгэл гэдэг зүйл бас их чухал юм шиг санагдлаа л даа. Би бол таныг гайхаж л байна. Тухайн үед энэ том эрдэм судалгааны ажил хийлээ гээд танд нэмэлт цалин өгөөгүй, том албан тушаал амлаагүй, зөвхөн зүрх сэтгэлээрээ л олон орны эрдэмтэдтэй холбогдоод ном сэтгүүл шагайгаад, өөр дээрээ баахан ажил нэмээд явж байж. Ийм сэтгэлтэй хүн олон байж гэмээнэ эрүүл мэндийн шинжлэх ухаан өөрөө хөгждөг юм болов уу?
-Үгүй тэгээд хүн өөрөө юм бүтээе гэж бодож байгаа бол өөрийгөө золиослох л хэрэгтэй болж таарч байгаа юм. Тэгж байж тодорхой бүтээл гарна, тэгж байж юу хийх гэж байгаагаа, юу хийж байгаагаа харуулахгүй бол болохгүй. Гэтэл өнөөдөр юу ч хийгээгүй байж тийм ч мөнгө хэрэгтэй байна, ийм ч юм хэрэгтэй байна гээд яваад байгаа хүмүүсийг би их гайхдаг юм. Байгаа бололцоогоо ашиглаад ямар нэг аргаар зүтгэх нь эхлээд чухал л даа. Одоо манайд мундаг төхөөрөмжлөгдсөн лабораториуд олон болж. Судалгаа шинжилгээний ажил хийхэд их сайхан өргөн боломж нээгдсэн байна. Дээхнэ үед резинэн бээлий байтугай хуруувч ч байсангүй, аюулгүйн шүүгээ ч байсангүй. Би ер нь боддог юм. Дэлхийд энэ том том нээлт, эрдэм шинжилгээний ажил хийсэн улсууд дандаа л өөрсдийгөө золиослож байжээ гэж. Хамгийн түрүүнд гэр бүлийн хүн золиослогдоно. Би ер нь гэр бүлдээ цаг бараг зарцуулж байгаагүй. Хагас бүтэн сайн өдөр байсан ч лабораторид суучихна. Номын санд ном сонин уншаад суучихна. Зай завсраар нь л хүүхэд шуухаддаа багахан анхаарал тавьж байсан байх. Ингэж байж л юм хийдэг юм шиг байна лээ. Хамгийн гол нь энэ бүхэнд чин сэтгэл хэрэгтэй. Намайг яаманд ажиллаж байхад мөнгийг нь өгчихөөд байхад шал худлаа судалгаа хийчихсэн улсууд таарч л байлаа. Судалгаа гээчийг нь зурвасхан гүйлгээд харахад л бүр огт худлаа гэдэг нь тодорхой нүүр улаймаар юм хийчихсэн байсан. Судалгааг ингэж хийвэл үр дүн нь буруу гарна, тэрийг дагаад бодлого маань буруудаад явчихна шүү дээ. Тийм юм байж огт таарахгүй. Харамсалтай нь сүүлийн үед хүмүүс ажилдаа сэтгэлээсээ хандах явдал багасаад байна уу даа. Манай ээж насаараа хүүхдийн эмч хийсэн. Бүр асрагчаас авахуулаад сувилагч болоод, бага эмч болоод анхны хүүхдийн эмчийн мэргэжлээр төгсөгчдийн нэг болоод явж байсан. МУИС-ийн Анагаах ухааны факультетийн анхны эмч. Хожим нь ээж маань гавьяат эмч болсон л доо. Тэр үед чинь эмч цөөхөн байнга дуудагдана. Гэртээ байна гэж бараг байхгүй. Өдөр шөнөгүй л дуудна. Ямар хүүхдийн түргэн гэж байсан биш. Хүүхдийн хэсэг ч гэж байгаагүй. Хотын түргэний тэнд хотын Поликлиник гэж байсан. Тэрний даргаар ээж маань ажиллаж байсан юм. Манай гэр хажууханд нь. Би орой тэгээд ажил руу нь ороход коридороор дүүрэн хүн сууж байдаг байсан. Орой 7, 8 болж байхад дүүрэн хүнтэй. Тэгээд ээж маань үзлэг хийгээд л сууна. Тэр үед айхтар өвчнүүд их гарч байсан. Сүрьеэгийн менингит гээд л одоо байхгүй болсон мартагдсан өвчин. Янз бүрийн халдварт өвчин, улаан бурхан, сахуу, суулгалт өвчин гээд л их байсан. Ээж маань зав муутай, хэдэн хүүхэддээ тэр бүр анхаарал тавих цагаар тун хомс байсан. Сүүлд ээж маань тэтгэвэрт гарчихаад хүүхэд гудамжинд тамхи татаад байж байхтай таарчихаад очоод л хэлдэг байсан. “Миний хүү болиоч ээ, Чи битгий тамхи тат аа. Наадах чинь эрүүл мэндэд чинь хортой…” гээд л хэлнэ. Манай аав хажуугаас нь “ Наадахтай чинь ингэж тэмцдэггүй юмаа. Ингэж хэлээд ямар ч нэмэргүй…” гэхээр ээж маань “…Үгүй тэгээд далайд дусал нэмэр гэдэг биз дээ. Тэрэн шиг энэ хүүхдэд санаанд нь нэг юм үлдэх байлгүй…” гээд л хэлдэгсэн. Ээж маань намайг эмч болоход, хепатитын чиглэлээр ийм судалгаа хийхэд их нөлөөлсөн. Хүүхдийн төлөө сайн үйл хийж байна гээд их дэмждэг байсан юм.
-Одоо биднийг ДЭМБ, олон улсын том том эрдэмтэд их анхааралтай ажиглаж байна. Монгол улс элэгний хавдар хатуурлын гол шалтгаан болсон вирүст хепатиттай тэмцэх том хөтөлбөр гаргачихлаа. Эд нар үүнийгээ хийж чадах нь уу? үгүй юу? гээд их сонирхож байх шиг. Монголчууд маань ч гэсэн элэг бүтэн байх юмсан, элгээр монгол хүн нас бардаггүй, өвддөггүй болох юмсан гэж их хүсч байна. Энэ өдрүүдэд Монгол Европын элэг судлалын анхдугаар чуулган бас болж байна. Та энэ бүхнээс юу харж, хүлээж байна вэ?
-Оном сан 2012 оноос “Элгээ хайрлая” гэж хөтөлбөр санаачлаад энэ маань яван явсаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болоод, улмаар Засгийн газрын хөтөлбөр болж батлагдлаа. Энэ их сайхан хэрэг юм. Би тун их баярлаж байна. Үүнийг ажил болгохын төлөө хөөцөлдөх, энэ бүхнийг ажил хэрэг болгох байгууллага урд өмнө байсангүй. ДЭМБ 2010 оноос эхлээд хепатит руу ихээхэн анхаарал хандуулах болсонд туйлаас их баярлаж байгаа.Оном сан ч энэ чиглэлээр их юм хийхнээ гэдэгт олзуурхсан. “Монгол Европын элэг судлалын анхдугаар чуулган” Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд, вирүст хепатит, тэр дотроо хепатит С, D, B гээр үүсгэгдсэн архаг халдвар, хепатитыг бууруулах, халдварын тархалтыг таслан зогсооход их чухал үүрэг гүйцэтгэх байх гэдэгт найдаж байна. Сайн хөтөлбөр батлагдсан ч аяндаа өөрөө хэрэгжчихгүй. Шинжилгээ хийхээр 22 лавлагаа лаборатори ажиллаж байна. Энэ онд 40-аас 65 насны иргэдийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж байна. Одоогоор хамрагдах ёстой хүмүүсийн 40 орчим хувь нь л хамрагдаад байгааг илүү эрчимжүүлэх шаардлага байна. ДЭМБ-ын мэдээллээр дэлхийд хепатит В гийн вирүстэй 320 гаруй мянган хүн , С вирүстэй 70 сая хүн байна гэсэн тоо гарсан. Монгол архаг С, В-гийн дарамт бүхий 11 орны эхэнд жагсч байгаа нь харамсалтай. ДЭМБ энэ 11 оронд хийгдэж байгаа ажилд ихээхэн анхаарал хандуулж, амжилтад хүрэх байх гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс бүх дүнг нэгтгэж гаргах, мониторинг хийх, хепатитын С вирүсийг илрүүлэх шинжилгээг чанартай хийх, хамралтын түвшинг ахиулах, эмчилгээний үр дүнг сайжруулах, халдвар тархалтын судалгааг нарийн хийх, тандах, энэ бүх ажлыг нэгтгэн зангидаж мэргэжлийн удирдлагаар хангах ажлын хэсэг, тусгай баг зайлшгүй байх ёстой. Лаборатори талаас нь, тархвар судлалын талаас нь, эмчилгээний үр дүнгийн үүднээс нь уялдуулах, ХӨСҮТ, ХСҮТ-ийн ажлыг нэгтгэж, явц биелэлтийг нягтлах, удирдах ажлын хэсэг зайлшгүй байх л ёстой. Ийм нэгж байгуулах нь илүү чухал. Тэгэхгүй бол оройтож мэднэ. Хугацаа тун шахуу байна.
-Хамгийн гол нь энэ ажлын цаана элэгний эмгэг өвчтэй, хепатитын вирүстэй олон мянган хүний амь амьдрал, хувь заяа цаг хугацаагаар хэмжигдэж байгаа болохоор энэ ажлыг хойш тавьж болохгүй гэдэг дээр тантай санал нэг байна. Хүний эрүүл мэндийн төлөөх эрхэм үйлсэд тань их амжилтыг ерөөе. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгүүлч И.Буянжаргал