Америк, Монголын элэгний эмч нарын хамтарсан “Вирүст хепатит ба элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
Манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох вирүст хепатит, элэгний өмөнгийн өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам, Америкийн нэгдсэн улсын үндэсний эрүүл мэндийн институт, манай улсад элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Оном сан, бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Вирүст хепатит ба элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15 – ны өдрүүдэд зохион байгуулна. Иймд судлаач, эмч Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
Уг арга хэмжээний хүрээнд дэлхий дахинд элэгний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, шинжилгээний талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, энэ чиглэлээр судалгаа хийж буй судлаачдын судалгааны ажлыг сурталчилах, дэмжих, нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор судлаачдын дунд шилдэг ханын илтгэл шалгаруулж, урамшуулна.
Нэгдүгээр байр – 1ш – Өргөмжлөл, 300.000 төгрөг
Хоёрдугаар байр – 2ш – тус бүр өргөмжлөл, 150.000 төгрөг.
Ханын илтгэлийн хураангуйг (200 үгэнд багтаан монгол ба англи хэлээр бэлтгэж, хаяг, утсаа тодорхой бичсэн байх) 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17: 00 цаг хүртэл Хурлын Редакцийн зөвлөлийн дарга, Эрүүл мэнд, спортын яамны Халдвар, нян судлалын ерөнхий мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Нямдаваагийн nymadawa@gmail.com, nymadawa@gyals.mn цахим хаягаар хүлээн авна.
Ханын илтгэл нь A0 хэмжээтэй байх бөгөөд хурлын урьд өдөр Хуралдааны танхимд байрлуулахыг зохиогчид хариуцна.
Оном сан.