Манай лабораторид дараах төрлийн шинжилгээ, оношилгоог Олон улсын чанар стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.
Элэгний төвийн лабораторийн үйл ажиллагааны чанар “ГУРВАН ШИЛДЭГ” гэсэн зарчим дээр үндэслэгддэг. Үүнд:
1. Шилдэг мэргэжилтэн
2. Шилдэг багаж
3. Шилдэг зохион байгуулалт.
Энэхүү гурван шилдэг зүйлийг нийлүүлснээр Элэгний төвийн лабораторийн үйл ажиллагаа улам бүр төгөлдөржиж, зарим салбарт тухайлбал хепатитын Д вирүсийн оношлогооны салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч очсон явдал юм.
ХАМГИЙН ШИЛДЭГ БАГАЖ
Элэгний төвийн лаборатори нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон бөгөөд молекул биологи, серологи, биохими, гематологийн иж бүрэн шинжилгээнүүдийг хийх хүчин чадалтай. Тухайлбал хепатитын В, С вирүсийг тоолох Аbbott m2000sp/rt, Сepheid GeneExpert XVI©, иммунологийн тоон шинжилгээ хийх Sysmex HISCL5000 багажнууд нь өөрсдийн ангилалдаа дэлхийн хамгийн шилдэг багажнуудад тооцогддог билээ.
Вирүсийн тоон хэмжээг тогтоох шинжилгээнд тухайн багажны мэдрэг чанар чухал нөлөөтэй байдаг. Ялангуяа эмчилгээний явцад вирүсийн тоог хянаж байгаа үед бүр илүү ач холбогдолтой. Хэрвээ эмчилгээний эцэст вирүс бүрэн устаагүй бага хэмжээнд үлдсэн байхад түүнийг багаж илрүүлж чадахгүй бол хуурамч сөрөг хариу гаргаж эмчийг төөрөлдүүлэх аюултай. Улмаар өвчтөн дутуу эмчлэгдэж эрүүл мэнд, эдийн засгийн томоохон хохирол амсах эрсдэлтэй байдаг юм. Харин Cepheid GeneXpert XVI© машинаар хепатитын С вирүсийг тоолж эмчилгээг хянаж байгаа тохиолдолд ийм эрсдэл хэзээ ч гарахгүй.
Аbbott m2000sp/rtсистемийн хепатитын В вирүсийг илрүүлэх хамгийн бага хэмжээ нь 10IU/mL байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог. Үүний дараа түүнээс 2 дахин бага мэдрэг чанартай буюу 20IU/mL –ээс эхлэн илрүүлэх боломжтой Roche Cobas систем байдаг. Аbbott m2000sp/rt машины энэхүү супер мэдрэг чанар нь хамгийн сайн праймеруудын өвөрмөц хоршил, нанотехнологи дээр үндэслэсэн соронзон ширхэгүүдийг оношлогооны технологид ашигласантай холбоотой юм. Элэгний төвийн лаборатори Аbbott m2000sp/rt машины хамгийн өндөр хүчин чадалтай загварыг 2014 онд анх удаа Монгол улсад оруулж ирж хепатиын В вирүсийг тоолох оношлогоонд нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар энэ машин Монголд ганцхан Элэгний төвд байна.
ХАМГИЙН ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН
Элэгний төвийн лабораторид тухайн салбартаа хамгийн шилдэг боловсон хүчин ажиллаж байна. Үйл ажиллагаа хариуцсан захирал бөгөөд лабораторийн эрхлэгч, эмч Др. Алтанхүү (ОХУ-ын Москвагийн их сургуульд вирүслогийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан), Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Др. О. Одгэрэл (ХБНГУ-ын Гоеттингений их сургуульд генийн инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан), судлаач мэргэжилтэн Др. Э. Анир (Япон улсын Каназавагийн их сургуульд молекул биологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан), Чанарын менежер, биологийн ухааны доктор Б.Дэлгэрбат зэрэг мэдлэг туршлагатай эмнэлзүйн эмгэг судлаач буюу лабораторийн эмчийн резидент төгссөн мэргэжилтэнүүд ажиллаж байна. Мөн тус төвийн үйл ажиллгаанд гадаадын тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд байнга зөвөлгөө өгч, ялангуяа шинэ оношлогооны технологи нэвтрүүлэх чиглэлд нягт хамтын ажиллагаатай байдаг. Жишээлбэл: Станфордын их сургуулийн Гастроэнтерологи ба Хепатологийн тэнхимийн профессор, Вирүст хепатит ба элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри Гленийн багтай хамтран Элэгний төвийн судлаачид хепатитын Д вирүсийг оношлох Q-MAQ гэж нэрлэгдсэн цоо шинэ технологийг боловсруулж амжилттай туршаад байна.
ХАМГИЙН ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Элэгний төвийн лаборатори “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавигдах шаардлага” MNS ISO 15189: 2015 –г шаардлагыг албан ёсоор ханган ажиллаж байна. Улмаар лабораторийн үйл ажиллагаа бүрийг стандартчлах, үйл ажиллагааны дотоод аудитыг тогтмол хийх, гадаад чанарын хяналтын хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Лабораторийн үйл ажиллагаанд гардаг алдаа, зөрчлийн ихэнх нь хүний санамсаргүй үйл ажиллагаанаас болдог бөгөөд үүнийг багасгах хамгийн найдвартай бөгөөд үр ашигтай арга нь орчин үеийн мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэдгийг бид маш сайн ойлгож байна. Иймд Элэгний төвийн лаборатори байгуулагдсан цагаасаа хойш олон улсад LIS (laboratory information system) хэмээн нэрлэгддэг лабораторийн мэдээллийн системийг зохион бүтээж хөгжүүлсээр ирлээ. Liversys© гэж нэрлэгдэх веб дээр суурилсан энэхүү системд Элэгний төвийн лабораторийн голлох багажнууд холбогдсон бөгөөд үйлчлүүлэгч бүртгүүлэхээс эхлээд өвчтөнөөс цус авах, сорьцийн мэдээлэл оруулах, сорьцийг Элэгний төвийн биобанкинд хадгалах байрлал заах, шинжилгээний үр дүнг хэрэглэгчдэд хүргэх зэрэг бүхий л үйл ажиллагааг бүрэн автомат мэдээллийн урсгал хэлбэрээр зохион байгууулж байна.