Элэгний төвийн үйл ажиллгааны нэг томоохон хэсэг нь судалгаа юм. Анагаах ухаан, биотехнологийн судалгааг дэлхийн стандартыг баримтлан байнга, тогтвортой, тууштай явуулах нь Элэгний төвийн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх үндсэн механизм гэж үзэж байна. Энэхүү философийн хүрээнд бид гадаад, дотоодын олон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгааны ажлуудыг хийж өөрсдөө шинэ мэдлэгийг олж авч, мөн өөрсдийн олж авсан шинэ мэдлэгээ бусадтайгаа байнга хуваалцдаг билээ. Бид МУИС, АШУҮИС, ШУА, ХӨСҮТ, ХСҮТ, Улсын нэгдсэн эмнэлэгүүд, “Гялс” анагаах ухааны төв зэрэг дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд, Станфордын их сургууль, Техасын анагаах ухааны их сургууль, Ханноверийн их сургууль, АНУ-ын Өвчнийг хянах, сэргийлэх төв (CDC), АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH), Харвардын их сургууль, Жонс Хопкинсийн их сургууль, Сан Франциско дахь Каоифорнийн их сургууль, Анкарагийн их сургууль зэрэг гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлж байна.
Станфордын их сургуулийн судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүн элэг судлалын хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Hepatology” сэтгүүл дээр “A novel quantitative microarray antibody capture (Q-MAC) assay identifies an extremely high HDV prevalence amongst HBV infected Mongolians” гарчигтайгаар хэвлэгдсэн нь томоохон амжилт гэж үзэж байна. Мөн Элэгний төвийн судлаачид Монгол хүн амын дундах хепатитын В, С вирүсийн тархалтын судалгааг 100% өөрсдийн нөөц бололцоо, боловсон хүчин дээр тулгуурлан хийж “Journal of Viral Hepatitis” сэтгүүл дээр “Endemic prevalence of hepatitis B and C in Mongolia: A nationwide survey amongst Mongolian adults” гарчигтайгаар хэвлүүлсэн нь Монгол улсад анагаах ухааны чиглэлийн судалгааны ажлууд дандаа гадаадын судалгааны багтай хамтарч хийгдэж, хэвлэгдэж гардаг байсан урьдын жишгийг эвдсэн томоохон дэвшил боллоо. Мөн Элэгний төвийн эмч Ж. Ганболор “Элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд ашиглаж буй түргэвчилсэн оношлуурын чанарын харьцуулалт” сэдэвт судалгааны ажлыг хийж Монгол улсад хэрэглэгдэж буй оношлуурын чанарыг харьцуулан судалж гарсан үр дүн дээрээ тулгуурлан зөвлөмж боловсруулж тараасан нь эмнэлэгийн практикт чухал ач холбогдолтой ажил болсон юм.